Инчоны олон улсын нисэх буудлын корпорацийн мэдээлснээр, 7-р сарын 25-наас 8-р сарын 10-ны хооронд нийт 3,772,886 зорчигч тус нисэх буудлаар үйлчлүүлэх бөгөөд өдөрт дунджаар 221,934 хүн зорчих төлөвтэй байна.
БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудал энэ зуны амралтын оргил үед түүхэн дээд хэмжээний ачаалал хүлээж байгаа бөгөөд нийт 3.77 сая гаруй зорчигч үйлчлүүлэх төлөвтэй байна.
Үүнтэй холбоотойгоор зорчигчдын урсгалыг жигдрүүлэх зорилгоор нислэгийн гарах хаалгыг эрт нээх, Smart Pass үйлчилгээг өргөжүүлэх зэрэг тусгай арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
Инчоны олон улсын нисэх буудлын корпорацийн мэдээлснээр, 7-р сарын 25-наас 8-р сарын 10-ны хооронд нийт 3,772,886 зорчигч тус нисэх буудлаар үйлчлүүлэх бөгөөд өдөрт дунджаар 221,934 хүн зорчих төлөвтэй байна.
Хамгийн ачаалалтай өдөр нь 8-р сарын 2 байхаар тооцоологдож байгаа бөгөөд энэ өдөр 234,273 зорчигч нисэх буудлыг ашиглах аж.
Харин гарах зорчигчдын тоо 7-р сарын 25-нд 120,951, ирэх зорчигчдын тоо 8-р сарын 2-нд 121,812 хүрч оргилдоо хүрэх төлөвтэй байна.
Энэ жилийн зуны оргил үеийн зорчигчдын тоо нь өнгөрсөн оны мөн үеийн 3.7 сая зорчигч (өдөрт дунджаар 218 мянга)-оос давна гэж үзэж байна. Судалгаагаар солонгос иргэдийн гадаад аяллын эрэлт ихэвчлэн Цагаан сар болон Чусокын баярын үеэр төвлөрдөг бол зуны улиралд БНСУ-ыг зорих гадаад жуулчдын тоо нэмэгдэж байгаа нь нисэх буудлын ачааллыг улам өсгөж байгаа аж.
Ачааллыг бууруулахын тулд нисэх буудал:
- Гол гарах хаалгуудыг ердийнхөөс 30 минутын өмнө нээх
- 44 ширхэг хамгийн сүүлийн үеийн CT рентген аюулгүй байдлын төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар ажиллуулах
- Smart Pass-ийн зориулалтын гарцыг 4-өөс 5 болгон нэмэгдүүлэх
- Зорчигчдод чиглэл өгөх, ухаалаг үйлчилгээнд туслах 120 орчим ажилтан ажиллуулах зэрэг арга хэмжээг авч байна.
Мөн гадаад жуулчдын урсгал нэмэгдэхтэй холбоотойгоор 2-р терминалын ирэх хэсгийн хорио цээрийн цэгийг шинэчилж, хүлээлгийн талбайг өргөтгөхөөс гадна олон хэлтэй AI мэдээллийн киоск, автомат чиглүүлэгч робот зэрэг үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн автомашины зогсоолын хүрэлцээг сайжруулж, 3,061 нэмэлт зогсоол гарган, урт хугацааны зогсоолуудын шаттл автобусны үйлчилгээг нэмэгдүүлсэн байна.
Оргил ачааллын үеэр автомашины зогсоол ачаалалтай байх тул зорчигчдыг галт тэрэг болон нисэх буудлын автобус зэрэг нийтийн тээврээр зорчихыг зөвлөжээ.


