АНУ руу зорчих гэж буй иргэд аяллын өмнө виз, паспорт болон цагаачлалын холбогдох баримт бичгүүдээ сайтар шалгах шаардлагатай байна.
Сүүлийн үед АНУ-ын хил, олон улсын нисэх буудлуудаар нэвтрэх үеэр зарим гадаадын иргэнийг нэмэлт шалгалтад оруулах, удаан хугацаагаар саатуулах, улмаар хилээр нэвтрүүлэхээс татгалзах тохиолдол гарч байгаа талаар мэдээлэгдэж байна.
Тиймээс АНУ-д зорчихдоо дараах зүйлсийг урьдчилан нягтлаарай.
🔹 Паспорт, визээ шалгах
Паспортын хүчинтэй хугацаа, АНУ-ын визийн төрөл болон зорчих гэж буй зорилго хоорондоо нийцэж байгаа эсэхийг анхаарна уу.
🔹 Өмнө нь АНУ-д зорчиж байсан бол
I-94 бүртгэлээ шалгаж, тухайн үед олгогдсон зөвшөөрөгдсөн хугацаанаас хэтэрсэн эсэхээ нягтлах нь зүйтэй.
🔹 Оюутан болон солилцооны хөтөлбөрийн оролцогчид
I-20, DS-2019 зэрэг холбогдох бичиг баримтын хүчинтэй хугацаа болон мэдээллээ дахин шалгаарай.
🔹 Аяллын зорилгоо тодорхой тайлбарлах
АНУ-д хаана байрлах, хэдий хугацаанд байх, буцах нислэг зэрэг мэдээллээ үнэн зөв, ойлгомжтой өгөхөд бэлэн байгаарай. Шаардлагатай тохиолдолд сургууль, ажил, урилга болон бусад нотлох баримтаа авч явахыг зөвлөж байна.
🔹 Өмнөх цагаачлалын асуудлаа анхаарах
Визийн нөхцөл зөрчсөн, зөвшөөрөгдсөн хугацааг хэтрүүлсэн, цагаачлалын статустай холбоотой асуудал гарч байсан, эсхүл эрүүгийн хэрэгт холбогдож байсан бол аяллын өмнө тухайн нөхцөл байдлаа сайтар тодруулах хэрэгтэй.
🛂 НЭМЭЛТ ШАЛГАЛТАД ОРУУЛАХ ТОХИОЛДОЛ
АНУ-ын хил дээр зорчигчийг нэмэлт буюу “secondary inspection” шалгалтад шилжүүлэх боломжтой. Энэ нь бичиг баримт, виз болон цагаачлалын нөхцөл байдлыг тодруулах, хуульд нийцэж байгаа эсэхийг шалгах, мөн бусад хууль ёсны үндэслэлээр хийгдэж болно.
Мөн хилээр нэвтрэх үед тодорхой нөхцөлд гар утас, компьютер зэрэг цахим төхөөрөмжид шалгалт хийх эрх бүхий байгууллагын бүрэн эрх үйлчилдэг.
⚠️ Анхаарах нь: АНУ-ын визтэй байна гэдэг нь тус улсад заавал нэвтрэх баталгаа биш. Виз нь АНУ-ын хил хүртэл зорчиж, нэвтрэх хүсэлт гаргах боломж олгодог бөгөөд эцсийн шийдвэрийг хил дээрх U.S. Customs and Border Protection (CBP)-ийн албан хаагч гаргадаг.
АНУ-Д ОРШИН СУУЖ БУЙ МОНГОЛ ИРГЭДЭД
АНУ-д хууль ёсоор оршин суугаа иргэд дотоодын нислэгээр зорчихдоо ч өөрийн цагаачлалын баримт бичгийн нөхцөл байдлыг анхаарах нь зүйтэй.
Ялангуяа:
• Цагаачлалын статусын хугацаа дууссан;
• Статус сунгах хүсэлт шийдвэрлэгдээгүй байгаа;
• Статус өөрчлөх хүсэлт гаргасан;
• Өмнө нь цагаачлалын асуудалтай байсан;
• Эрүүгийн хэрэг, холбогдох асуудал үүсэж байсан
тохиолдолд аяллын өмнө нөхцөл байдлаа мэргэжлийн байгууллага, хууль зүйн зөвлөхөөс тодруулахыг зөвлөж байна.
📌 Аяллын өмнөх энгийн шалгалт олон эрсдэлээс сэргийлнэ.
Паспорт, виз, I-94 болон бусад холбогдох баримт бичгийнхээ мэдээллийг урьдчилан нягталж, АНУ-д зорчих зорилгоо нотлох шаардлагатай материалуудаа бэлтгээрэй.
Эх сурвалж:
U.S. Department of State
U.S. Customs and Border Protection (CBP)
Жич: Энэхүү мэдээлэл нь аяллын өмнө иргэдэд анхаарах зүйлсийг сануулах ерөнхий мэдээлэл болно.
АНУ-д нэвтрүүлэх эсэх эцсийн шийдвэрийг тухайн үеийн нөхцөл байдалд үндэслэн АНУ-ын эрх бүхий байгууллага гаргана.


