Япон Улсад ажиллаж, суралцаж, түр болон байнга оршин сууж буй Монгол Улсын иргэд дараах зүйлсийг онцгойлон анхаарч, холбогдох хууль, журмыг чанд мөрдөхийг зөвлөж байна.
Япон Улсын Хилийн шалган нэвтрүүлэх, хяналтын байгууллагаас иргэдийн аюулгүй байдал, амар тайван амьдрах орчныг хангах, хууль бус оршин суугчдын тоог бууруулах зорилгоор “Хууль бус оршин суугчгүй болох хөтөлбөр”-ийг 2025 оны 10 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.
2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Япон Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан хэдий ч тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийн тоо ойролцоогоор 68,000-д хүрээд байна.
Үүнтэй холбоотойгоор Японы эрх бүхий байгууллагууд хяналт шалгалтаа эрчимжүүлж, хууль бус оршин суугчдыг илрүүлэх, саатуулах, шаардлагатай тохиолдолд албадан нутаг буцаах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Иймд Япон Улсад ажиллаж, суралцаж, түр болон байнга оршин сууж буй Монгол Улсын иргэд дараах зүйлсийг онцгойлон анхаарч, холбогдох хууль, журмыг чанд мөрдөхийг зөвлөж байна.
1. Виз болон оршин суух зөвшөөрлөөр олгогдсон эрх, нөхцөлийг зөрчихгүй байх.
2. Япон Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг чанд сахин мөрдөх.
3. Гадагш зорчих болон зорчих хөдөлгөөн хийх үедээ оршин суух үнэмлэх (在留カード) паспорт болон шаардлагатай бусад бичиг баримтыг биедээ авч явах.
4. Хууль бусаар хөдөлмөр эрхлэх, бусдын нэр дээр ажиллах болон бусад хууль зөрчсөн үйл ажиллагаанд оролцохгүй байх.
Япон Улсад хууль ёсоор оршин сууж, ажиллаж, суралцаж буй Монгол Улсын иргэд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, аюулгүй байдлаа хангахын тулд оршин суух болон хөдөлмөр эрхлэхтэй холбоотой хууль, журам, тавигдах шаардлагыг сайтар мэдэж, хугацаа болон холбогдох нөхцөлийг чандлан сахих нь чухал юм.
Иймд дээрх зөвлөмжийг анхааралдаа авч, Япон Улсын хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлж, хууль ёсны дагуу оршин суух, ажиллах, суралцахыг зөвлөж байна.
Эх сурвалж:
МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу.https://www.moj.go.jp/.../nyuukokukanri02_00039.html...




